Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин Халиуны Болдбаатартай ярилцлаа. Бээжингийн олимпод Н.Түвшинбаярыг дасгалжуулан олимпын аварга төрүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн тэрбээр хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) билээ. Нэгэн цагт Монголын жүдо бөхийн нүүр царай болж, олимп, ДАШТ-ий медалийн оосроос атгаад алдсан тэрбээр БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад саяхан эх орондоо ирсэн юм. Түүний ханийг жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй.
-Эхнэр тань саяхан Гавьяат цолныхоо цайллагыг хийсэн. Та хоёр олны хүндлэлд бөөцийлөгдөөд тун ч завгүй байсан байх. Найр сайхан болов уу?
-Өө, сайхан боллоо. Эхнэрийн гавьяатын мялаалгад ойр дотнынхон, найз нөхөд, жүдогийн хамт олон маань ирж, нэг оройг сайхан өнгөрүүлсэн. Олонтой явах сайхан юм аа. Бид хоёр өөрсдийгөө олонтой яваа юм байна гэдгээ ийм үед бүр ч их мэдэрдэг. Хань минь 2015 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Гавьяат тамирчин болж, хоёр жилийн дараа цолоо мялаалаа. Бид хоёрын хамгийн том зорилго олимпоос медаль хүртэх байсан учраас түр хойшлуулсан юм.
-Та Унгарт болсон ДАШТ-ий дараа эх орондоо ирсэн. БНХАУ-ын шигшээ багтай хийсэн гэрээ тань албан ёсоор дууссан уу?
-Би 2014 онд ӨМӨЗО-ы шигшээ багтай гэрээ байгуулж, тийшээ явсан. Риогийн олимпын өмнө буюу 2015 онд БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогдсон. Хятад бөхчүүдийг жил гаруйн хугацаанд дасгалжуулаад олимпын медальт анхны эрэгтэй тамирчинтай болголоо. Энэ жил ДАШТ-д оролцсоны дараа ахлах дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан ч би татгалзсан. “Одоо болсоон, Монголдоо ажиллана” гэж хэлээд ирлээ. Хэрвээ саналыг нь хүлээж авсан бол Токиогийн олимп хүртэл ажиллах байсан юм.
“Одоо болсоон, Монголдоо ажиллана” гэж хэлээд ирлээ.
-Хятадын жүдочдын цалин, хангамж, төрийн дэмжлэг манайхтай харьцуулшгүй. Эх орондоо ажиллах бодлыг тань юу хамгийн их өдөөж, нааш нь дуудав?
-Ц.Мөнхзаяа бид хоёр гал голомтоо бадрааснаас хойш хувийн амьдралдаа цаг тун хомс гаргажээ. Тэмцээн, бэлтгэл гэсээр өдий хүрсэн байх юм. Гурван жил гаруйн хугацаанд хүний нутагт, гэрийнхнээсээ хол амьдрах ямар олиг байх вэ. Өнгөрсөн хугацаанд ажлын шугамаар л эх орондоо ирдэг, бусад үед нь амждаггүй байсан. Юуны түрүүнд гэр бүлдээ цаг гарган, хамт амьдрахын тулд гэрээгээ дуусгалаа. Үүний сацуу монгол тамирчдаа дасгалжуулж, эх орондоо ажиллах хүсэл маань намайг их өдөөсөн. Утаатай ч гэсэн Улаанбаатар минь сайхан гэдэг шиг цалин хангамж өндөр биш ч Монголдоо ажиллах нь жаргалтай. Хэчнээн гоё мэдрэмж төрж, урам зориг авдаг гэж санана.
-Ер нь ӨМӨЗО-ы саналыг анх хэрхэн хүлээн авав. Нэлээд бодож байж зөвшөөрсөн нь лавтай.
-Мэдээж амар байгаагүй. Санал тавингуут дуртай нь аргагүй зөвшөөрөөд явчихаагүй, би. Гэр бүлийнхэнтэйгээ сайтар ярилцаж байгаад шийдсэн. Бээжингээс Лондоны олимпын мөчлөгт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 2011 оны Парисын ДАШТ-д тааруу амжилт гаргасан. Тухайн үед биднийг алдаа, дутагдал гаргасан гээд МЖБХ-ныхон ажлаас чөлөөлсөн. Тамирчдаа амжилтад хүргэж чадаагүй, сахилга бат алдсан нь бидний буруу. Жүдогийн спорт ямар дэг журамтай билээ. Юу юугүй олимп дөхчихсөн гэлгүй биднийг өөрчилсөн нь зөв шийдвэр байсан. Энэ нь жүдогийнхонд сургамж болсон байх.
-Байгаа үед нь хайрлаж, дэмжээгүй мөртлөө хүнийх, бусдынх болсных нь дараа харамсдаг, шүүмжилдэг дутагдалтай шүү дээ, монголчууд бид. Олимпын аварга төрүүлсэн дасгалжуулагч өнгө мөнгө хөөгөөд явчихлаа гээд тухайн үед спортын хорхойтнууд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг нэлээд шүүмжилсэн.
-Намайг хайрлаж, харамласандаа л тэгж байна гээд эмзэглээгүй ээ. Нөгөө талаар өнгө мөнгө хөөж яваагүй болохоор янз бүрийн юм бодоогүй. Монгол хүн ямар ур чадвартай, авьяастайг гадаадын нэг ч болов оронд харуулах бодол, зорилго л надад байсан.
-Монгол хүний үнэлэмж хэр байна гэж боддог вэ. Та ӨМӨЗО руу явсан нь төр, засгаас үнэлж, дэмжиж чадаагүйн илрэл гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй бий...
-Ёстой тийм биш шүү. Төр, засгаас тамирчдаа боломжийн хэмжээнд дэмжиж байгаа. Үнэнийг хэлэхэд, БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохоос татгалзсан маань монгол хүний үнэлэмжийг өсгөх гэсэндээ л тэр. Тэд өмнө нь ахлах дасгалжуулагчаар ажилласан солонгос багшаас арай бага цалин надад амласан юм. Тэгэхээр би бус, монгол дасгалжуулагчийн үнэлэмж солонгосчуудаас бага болж таарах нь. Тэгээд л зөвшөөрөөгүй.
-БНХАУ-д ажилласан гурван жилийн хөдөлмөрөө хэрхэн дүгнэж байна вэ. Хэрвээ тэгсэн бол гээд сэтгэл дундуур үлдсэн зүйл бий юү?
-Сэтгэл хангалуун байна. Хятад улс эмэгтэй жүдочдоороо дэлхийд алдартай ч эрэгтэйчүүдийнх нь ур чадвар тийм ч өндөр биш. Жил гаруйн хугацаанд дасгалжуулсан ӨМӨЗО-ы жүдочдоос таван тамирчин БНХАУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа.
Хэний ч өмнө миний шавь гээд хэлэхэд нүүр бардам тамирчид бэлтгэсэн. Үүний сацуу “Рио-2016”-гаас олимпын медальт анхны хятад эрэгтэй жүдоч төрүүлснээ юу гэж чамлах вэ. БНХАУ эрэгтэйчүүдийн шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагч болгох санал надад тавьсан нь тэдэнд тоогдох хэмжээнд ажилласны илрэл байх. Надтай хамт БНХАУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар солонгос хүн ажилласан. Урд хөршид ажиллаж, хятад, солонгос жүдочдын арга барилаас суралцсандаа олзуурхаж байна.
БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохоос татгалзсан маань монгол хүний үнэлэмжийг өсгөх гэсэндээ л тэр.
-Таны шавь Чен Шинжао олимпоос хүрэл медаль хүртэхдээ Л.Отгонбаатарыг ялсан. Хэн дийлсэн нь олимпын медальтан болох тэр мөчид юу бодогдох юм бэ?
-Би хэнийх нь талд орох вэ гэж ерөөсөө эргэлзээгүй. Л.Отгонбаатар ч миний шавь. Би шууд Отгоог дэмжсэн, барилдаан нь эхлэхийн өмнө түүнтэй уулзаж, зөвлөгөө өгсөн. Дэвжээн дээр гарахад нь ч тэг, ингэ гээд зөвлөж, хоолойгоо сөөтөл орилсон (инээв).
-Олимпын медальт эрэгтэй жүдочтой боллоо гээд хятадууд их баярласан байх. Бээжингийн олимпоос аваргатай болсон үеийнх шиг мэдрэмж танд дахин төрсөн үү?
-Мэдээж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд баярлалгүй яах вэ. Би олимп дуусангуут эхнэртэйгээ шууд эх орондоо ирсэн. Тэгэхээр хятадууд Чен Шинжаог хэрхэн угтаж, яаж баярласныг нь тухайн үед мэдрээгүй ээ. Олимпоос медаль хүртэж чадсангүй гээд ханьд маань хэцүү байхад би тэнд баярлаж явна гэж юу байх вэ. Хятадад очиж олимпын медальт шавьтай болсноо тэмдэглэхээс илүүтэй эхнэртээ хань болох, сэтгэл санаагаар дэмжихийг илүүд үзсэн юм.
-Д.Сумъяаг эс тооцвол монгол жүдочид “Рио-2016” олимпод тааруу амжилт гаргасан. “Лондон-2012”-оос хойш дөрвөн жилийн хугацаанд дэлхийд өнгөлчихөөд түүнийгээ олимпод баталж чадаагүй бидний гол алдаа юу байв?
-Бэлтгэлийн ачаалал хэр байсан, хэрхэн хийснийг нь сайн мэдэхгүй болохоор тийм, ийм шалтгааны улмаас гээд тодорхой хэлэхэд бэрх. Нөгөө талаар би дүгнэх нь хэр зохимжтой юм бол.
-Нэгэн цагт манай шилдэг тамирчин байсан, насаараа Монголын жүдо бөхийн төлөө зүтгэж олимпын аварга хүртэл бэлтгэсэн болохоор та л ончтой дүгнэж чадна гэж бодож байна.
-(Инээв). “Лондон-2012”-ын өмнө япончууд дэлхийд тэргүүлж, оролцсон тэмцээн бүртээ шахам түрүүлж байсан ч олимпод тааруу амжилт үзүүлсэн. Яг түүн шиг зүйл болчихлоо. Манай жүдочид Риогийн олимпын өмнө ёстой мундаг байлаа шүү дээ. Тэр хэрээр монгол түмэн жүдочдоос өндөр амжилт хүлээж байсан болов уу. Энэ нь тамирчдад сэтгэл зүйн дарамт болсон байх магадлалтай. Үүний сацуу цагийн зөрүүнд дасах гээд арай олон хоногийн өмнө очсон нь сөргөөр нөлөөлсөн тал бий. Бас олимпын эрхийн оноо, амжилтад хэтэрхий ач холбогдол өгөөд өрсөлдөгчтэйгөө хэрхэн барилдах, юун дээр алдаж, онож буйгаа дүгнэхэд арай бага анхаарчих шиг боллоо.
-Япончууд гэснээс тэд жүдогийн спортод ноёрхсоор байна. Бидэнд тэгэх боломж бий. Монгол бөхчүүд япончуудаас юугаар дутуу байна вэ?
-Тууштай, үнэнч зан. Тэдэн шиг юманд тууштай зүтгэдэг, чин сэтгэлээсээ ханддаг болчихвол монгол тамирчдыг дийлэх жүдоч байхгүй.
-2001 онд та зодог тайлсан. Дасгалжуулагчийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би 1999 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэж болно. Тухайн үед шигшээ багтаа бэлтгэл хийчихээд “Аварга” дээд сургуулийн тамирчдыг дасгалжуулдаг байлаа. Тамирчны замналаа өндөрлөснийхөө дараа онд Японд дасгалжуулагчийн мэргэжлээр жил гаруйн хугацаанд сурсан. Эх орондоо ирснийхээ дараа жүдотой амьдралаа холбож чадаагүй.
Амьдрахын эрхэнд хүн юу эсийг хийх вэ. 2003-2005 оны хооронд холимог тулааны дасгалжуулагчаар ажилласан. Бас болоогүй ээ, ганц, нэг тулаанд оролцлоо. Миний зодолдоно гэж юу байх вэ, ёстой навс балбуулсан. Тэгж байтал 2005 онд Насаа (Ч.Насантогтох) багш надад санал тавьж, дараа жил нь үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогдсон юм. Заавал алдартай тамирчин бус, биеэ сайхан авч явдаг, бусдыг хүндэлдэг, хайрладаг, жудагтай хүн болгон хүмүүжүүлэх нь миний эцсийн зорилго.
-2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр монголчууд бидэнд уй гашуу тохиосон хүнд үед Н.Түвшинбаяр олимпын аварга болж, хонгилын үзүүрт гэрэл асаан, баяр, бахдал төрүүлсэн. Монгол түмэн олимпын аваргатай болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Аварга болоосой гэж хүсэж, хүлээж байсан монгол түмний сэтгэл, жүдогийн хамт олны дэмжлэг гээд нөлөөлсөн зүйл асар их. Тухайн үед бид үнэхээр ачаалалтай, хүнд бэлтгэл хийдэг байсан. Тэгж хичээсний үр дүнд аваргатай болсон байх. Н.Түвшинбаяр олимпын аварга болох өдөр манай холбооныхон, даргаасаа цэрэг хүртэл нэг хэмнэлээр зүрх нь цохилсон. Надад лав “Ялагдчих вий” энэ тэр гэсэн бодол ер төрөөгүй. Түвшээгийн амжилт булган сүүлтэй байж Э.Бадар-Ууган түрүүлэхэд бүр ч их бэлгэшээсэн. Олимпын аваргатай болсон өдрийг өчигдөр болсон мэт тодхон санаж байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн, бас сэтгэл хоосорчих шиг болсон.
Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн, бас сэтгэл хоосорчих шиг болсон.
-Шавиа олимпын аварга болсны дараа “Овоо дасгалжуулагч болж байна” гэж өөрийгөө тоов уу?
-Юу гэж тэгэх вэ. Хүн насаараа суралцдаг гэдэг. Тийм дэмий юм ер бодоогүй.
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Тулааны спортоор эмэгтэй байтугай эр хүн хичээллэх амаргүй гэдэг. Таны хань Ц.Мөнхзаяа Азийн АШТ-д өрсөлдөхдөө мултарсан мөрөө өөрөө оруулж барилдаад түрүүлсэн. Ер нь барилдуулахаа больё гээд эхнэрийгээ өрөвдмөөр, халгамаар үе гарах юм уу?
-Тийм үе зөндөө гардаг ч аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Би их хатуу хүн. Хэр баргийн зүйлийг давах учиртай гэж боддог, тоохгүй байхыг хичээдэг. Тэгсэн мөртлөө спорт намайг ийм хатуу болгосон гээд өөрөөсөө булзааруулчихдаг гэмтэй. Үнэнийг хэлэхэд Ц.Мөнхзаяагийн мөр мултрахад би “Бэртэл нь гайгүй байгаа, өвдөж байгаа болов уу” гэж бодоогүй. Яг ямар бодол төрснийг чи лав гадарлахгүй байх. “Оноогоо хамгаалаарай, түрүүлээсэй” гэж бодсон гээд бодохоор өөрөөсөө ч аймаар. Нөгөө талаар ийм хатуу байхыг спорт шаарддаг. Тэгж хатуу хөтүүг давж байж л амжилтад хүрнэ.
-Сая та өөрийгөө хатуу хүн гэж тодорхойллоо. Амьдрал дээр шийдвэр гаргахад энэ чанар тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бэлтгэл, дэвжээн дээр л модон тахиа шиг хатуу байхыг хичээдэг болохоос би уг нь төрөлхийн зөөлөн хүн. Охиныхоо дэргэд ёстой резин шиг байдаг шүү дээ.
-Ц.Мөнхзаяа гавьяатыг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд баярын нулимс дуслуулж байгаа харагдсан. Үнэхээр их баярлаж, ханиараа бахархсан байх.
-Тэгэлгүй яах вэ. Би барилддаг байхдаа юу юунаас илүү жүдогийн төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийг хүсдэг байсан. 2015 онд хань минь зөвхөн өөрийнхөө бус, миний, монгол түмний медалийг хүртсэн. Тэгэхэд миний мөрөөдөл биелсэн. Гавьяат тамирчин болсноос нь илүү дэлхийгээс медаль хүртэхэд нь магнайгаа хагартал баярласан. Өдий хүртэл тэгж баярласан минь хуруу дарам. Эхнэртэйгээ хамт жүдогоор барилдан, хоёулаа гавьяат цол хүртсэнээрээ бахархдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү маань Япон улсад жүдогийн сургуульд сурдаг.
-Та Бээжингийн олимпоос хойш нам гүмхэн амьдарч байна. Цахим ертөнцөөс таны тухай мэдээлэл нэлээд хайсан ч томоохон ярилцлага, нийтлэл ер олдсонгүй. Олны танил хүмүүс мартагдахаас, хүмүүс дурсахгүй байх вий гэхээс айдаг гэнэ лээ. Танд тийм айдас төрдөг үү?
-Надад тийм амбийц байхгүй ээ. Юунаас нь ч айх вэ дээ. Харин ч нам гүмхэн амьдрах сайхан, амар байдаг юм. “Би”-гээ урдаа тавьдаг хүмүүст хэцүү л байдаг байх. Харин би тоодог ч үгүй. Миний хийж, бүтээснийг түүх гэрчилнэ. Аливаа зүйл цаг хугацааны аясаар мартагддаг нь хорвоогийн жам.
-Токиогийн олимп хүртэл жүдо бөхийн шигшээ багт ажиллах дасгалжуулагчид тодрон, ажлаа хүлээж аваад удаж буй. Танд шигшээ багт орон тооны бус дасгалжуулагчаар ажиллах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Миний туйлын хүсэл бол эх орондоо ажиллах, монгол тамирчдаа дасгалжуулах. Тийм болохоор хэрвээ намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллуулах санал тавибал би зөвшөөрнө. Эх орондоо ирснээсээ хойш жүдогийн шигшээ багийн танхимаар орж амжихгүй явна. Балжаа (О.Балжинням) багшаар ахлуулсан шигшээ багийнхан маань ёстой мундаг, бахархахгүй байхын аргагүй амжилт гаргаж байна.
Бусад дасгалжуулагчийн ажилд хөндлөнгөөс оролцож, тэг, ингэ гээд шавь нарт нь зөвлөгөө өгөх шиг муухай юм байхгүй. Миний хамгийн дургүй зүйл тэр. Одоогоор тогтсон ажилгүй мөртлөө борви бохисхийх чөлөө олдохгүй л юм (инээв). Арванхоёрдугаар сард Японд болох холимог тулааны тэмцээнд нэг шавь маань оролцоно. Түүний бэлтгэлийг базаан, ойрд Тунгаа (Ж.Нарантунгалаг) гавьяатын “Шандас” клубт л өнжиж байна.
Б.Буяндалай